August 14, 2026

Шилдэг ажилтнууд зөвхөн өндөр цалингийн төлөө үлддэггүй. Орчин үеийн хөдөлмөрийн зах зээл дээр компаниуд шилдэг боловсон хүчин татах, тогтоож үлдэхийн тулд өрсөлдөхүйц цалин амлахаас өөр аргагүйд хүрдэг. Цалин бол хүн амьдралаа авч явах, хичээл зүтгэлээ үнэлүүлэх анхдагч хэмжүүр мөн үү гэвэл мэдээж тийм. Гэвч туршлагатай, чадварлаг сайн ажилтнууд тухайн байгууллагадаа удаан хугацаагаар, үнэнч шударгаар ажиллаж буй шалтгаан нь хэзээ ч дан ганц дансанд орж ирэх мөнгөн дүн байдаггүй.
Тэгвэл яагаад зарим хүмүүс өндөр цалинтай байсан ч ажлаасаа гардаг, харин зарим нь бага зэрэг боломжийн цалинтай ч сэтгэл хангалуун ажилласаар байдаг вэ?
Энэ асуултын хариулт нь байгууллагын соёл, үнэлэх үнэ цэн болон өсөж хөгжих боломжид оршдог.
Олон улсын хүний нөөцийн судалгаа Gallup, McKinsey & Company, болон SHRM (Society for Human Resource Management)-ээс хүлээн зөвшөөрсөн, шилдэг ажилтнууд ажлаасаа гарах болдог ТОП 3 бодит шалтгааныг танилцуулж байна.
1. Карьерын хувьд өсөж хөгжих боломжгүй байдал
McKinsey & Company-ийн хийсэн судалгаагаар ажилтнууд ажлаа орхих болсон хамгийн эхний шалтгаан бол ирээдүйд өсөж дэвших, шинэ зүйл сурах боломж хаагдмал байдал юм. Чадварлаг ажилтан нэг газраа урт хугацаанд, ямар ч өөрчлөлтгүй, нэгэн хэвийн ажил хийхээс хамгийн их зугтдаг. Компани тэдэнд "Би энд 3 жилийн дараа хаана хүрэх вэ?" гэдэг карьерын тодорхой зураглалыг харуулж чадахгүй бол тэд дараагийн боломжийг хайж эхэлдэг.
2. Байгууллагын уур амьсгал
MIT Sloan Management Review-ийн судалгаагаар байгууллагын (Toxic Culture) нь ажилтнаа алдах хамгийн гол хүчин зүйл бөгөөд энэ нь цалингийн хэмжээнээс 10 дахин илүү хүчтэйгээр хүмүүсийг ажлаас гарахад нөлөөлдөг байна. Мөн Gallup-ийн судалгаагаар, ажилтнуудын ажилдаа гаргаж буй идэвх зүтгэл, урам зоригийн 70% нь зөвхөн шууд удирдлагын харилцаанаас хамаардаг болох нь тогтоогджээ
Олон улсад People leave managers, not companies буюу хүмүүс ажлаа биш, менежерийг орхиж явдаг гэсэн үг бий. Ажилтнаа үнэлдэггүй, хов живтэй, дарамттай орчинд хүмүүс өндөр цалин авсан ч сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалж, өргөдлөө өгдөг.
3. Урам зориг
Олон улсын хүний нөөцийн удирдлагын холбоо буюу SHRM-ийн тайланд дурдсанаар, ажлаасаа гарч буй нийт хүмүүсийн 79% нь "ажил дээрээ үнэлэгдэж байгаагаа мэдрээгүй, хичээл зүтгэлийг нь сайшаагаагүй" гэсэн шалтгаанаар өргөдлөө өгдөг байна. Удирдлагын зүгээс өгсөн жижигхэн сайшаал, "Баярлалаа, чи маш сайн ажиллалаа" гэдэг ганц өгүүлбэр ч ажилтны байгууллагадаа үлдэх үнэнч байдлыг урт хугацаанд хадгалж чаддаг.
Дүгнэж хэлэхэд: Цалин бол ажилтныг тухайн байгууллагад "татаж авчрах" эхний хүчин зүйл мөн боловч ажилдаа удаан хугацаагаар "тогтоон барих" гол хүч нь итгэлцэл, хүндлэл, өсөж хөгжих боломж болон эрүүл орчин байдаг. Өнөөдөр компаниуд ажилтнаа компанитай хамт өсөж дэвжих үнэ цэнтэй хамтрагч гэж харах цаг хэдийнээ болжээ. Удирдлагууд, захирлууд үүнийг ухамсарлаж, дотоод соёлдоо бодитоор хөрөнгө оруулалт хийж чадсан цагт дотроо үнэнч, чанартай, ямар ч шуурганд тардаггүй шилдэг багийг бүрдүүлж чадна. Эцсийн дүндээ Employer Branding гэдэг бол гадагшаа чиглэсэн гоё сурталчилгаанаас гадна дотооддоо ажилтнаа хайрлах хайр, хүндлэлээс л эхэлдэг билээ.
Ашигласан эх сурвалж (Sources):
Get the inside scoop on the top job opportunities and industry trends straight from Mongolia Talent Network.
